images

Монголд хоригдож байсан япон цэргүүдийн зохиосон дууны аяыг анх удаа ноотолжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-05-26


   Дэлхийн II дайны дараа Монголд хоригдож байсан Японы олзны цэргүүдийн зохиосон “Тороварэ но табибито” дууны аяыг тэдний ар гэрийнхэн санаачлан анх удаа цаасан дээр буулгасан талаар "Yomiuri" сонин өнөөдөр мэдээллээ. Цэргүүдийн ам дамжуулан дуулж ирсэн дууг ийнхүү ноотолсноор Монголд хоригдож байсан япон цэргүүдийн талаарх судалгаанд нэгэн чухал баримт болж буйг тус сонин онцолжээ. Түүгээр зогсохгүй хоригдлуудын үр ач нар уг дууг Монгол, Японы нөхөрлөлийн нэгэн бэлгэ тэмдэг болно хэмээн найдаж байгааг "Yomiuri" сонин тэмдэглэсэн байна. “Тораварэ но табибито” буюу “Олзлогдсон аялагчид” гэдэг нэртэй уг дууны үг ар гэр, эх нутгаа санасан тэдгээр япон хүмүүсийн сэтгэл, тэдний амсаж туулсан зовлонг өгүүлдэг аж. Дууны үгийг англиар орчуулсныг сийрүүлбэл, 

We go to the silver wilderness again today

A herd of camels look easygoing

Cherry blossoms, chrysanthemums or green leaves

The joy of returning home

A friend who spoke about it is already gone

The hair he left freezes at night in jail гэжээ.

   Энэ дууны аяыг албан ёсны болгох ажил 2017 онд эхэлсэн гэнэ. Монголд хоригдож байсан хүмүүс болон хоригдож байгаад нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн тэр жил уулзахад олзны цэргүүдийн нэг, 100 настай Масао Томохиро энэ дууг дуулжээ. Монголд аавыгаа алдсан, өдгөө 88 настай Сүзүки Фүсаэ тэрхүү уулзалтад очсон бөгөөд энэ дууг зүгээр нэг сонсоод өнгөрөөх бус хойч үедээ үлдээх ёстой хэмээн үзсэн байна. Олзонд байсан хүмүүс, тэдний гэр бүлийнхэн насан өндөр болж байгаа тул цаг алдалгүй ажил хэрэг болгохоор тэрбээр сэтгэл шулууджээ. Улмаар 2024 оны наймдугаар сард Сайтама мужийн дуучин, ая зохиогч Танака Тошиюүкид хандахад уг дуучин Томохиро Масаогийн дуулж буй бичлэгийг сонссоор өнгөрөгч хоёрдугаар сард аяыг нь ноотолж дуусаад 40 хүний өмнө төгөлдөр хуур дээр тоглон баритон хоолойгоор дуулж сонсгосон гэнэ. Ийнхүү энэ дуу Монгол болон ЗХУ-д хоригдож байсан олзны цэргүүдийн зохиосон, тэдний дуулж байсан дуунуудаас ая нь нооттой болж буй цорын ганц дуу болов. 1998 онд Японд гарсан “Хоригдлууд” номд Монгол, Сибирьт хоригдож байсан хүмүүсийн зохиосон 252 дуу байдаг боловч нэг нь ч албан ёсоор тогтоосон аятай болж байгаагүй аж. Мөн энэ номд орсон дуунуудын тав нь л Монголд хоригдож байсан цэргүүдийнх байжээ. 

   “Тороварэ но табибито” дууны аяыг албан ёсны болгох санааг сэдсэн Сүзүкигийн аав Жүн Арай нь Манжуурын худалдааны компанид ажиллаж байгаад дайны өмнөхөн цэрэгт татагдаж, дайн дуусахын өмнөхөн Монголд ирсэн бөгөөд олзны япончуудыг нутагт нь буцаахаас зургаан сарын өмнө бие баржээ. Өдгөө амьд сэрүүн байгаа хоригдлуудын нэг, Саппоро хотын иргэн, 99 настай Сайто Масао “Өлсөхийн ихээр өлсөж, даарахын ихээр даарч шар нар, бор хоногийг өнгөрөөж асан тэр хүнд үед дуугаар л сэтгэлээ бүлээцүүлж байсан” хэмээн дурссаныг "Yomiuri" сонины нийтлэлд эшилжээ. Дуучин Танака Тошиюүки энэ дууны аяыг тун өөдрөгөөр төгсгөсөн бөгөөд үүнийгээ “Би энэ дуу хоёр орны эв найрамдал, зузаан нөхөрлөлийг тэжээн тэтгэхэд туслаасай гэж хүслээ” хэмээн тайлбарласан байна.

   Дэлхийн II дайн дуусахад Японы 575 мянган цэрэг ЗХУ-д олзлогдсон байснаас И.Сталины шийдвэрээр 14 мянгыг нь Монголд аваачин хорьсон юм. Монголд ирсэн олзны цэргүүд Улаанбаатарт ажиллан Засгийн газрын ордон, МУИС-ийн байр зэрэг олон барилгыг барьсан билээ. Олзныхноос 1700 нь хүнд хөдөлмөр, эрс ширүүн цаг агаарын хүнд нөхцөлийн улмаас нас баржээ. Монголд хоригдож байгаад нас барсан япончуудын нэрсийг тодруулах ажлыг Японы Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 1991 онд эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 1552 хүний нэрийг тодорхой болгоод байна. Хоёр орны Засгийн газрын удаа дараагийн яриа хэлэлцээний үр дүнд, Монголд нас барсан хүмүүсийн шарилыг 2000-аад оны сүүл үе гэхэд Японд бүрэн аваачиж дуусгасан юм. Ирэх долоодугаар сард буюу Үндэсний их баяр наадмын үеэр Японы эзэн хаан Нарүхито хатны хамтаар манай улсад айлчлах нь албан ёсоор тодорхой болоод буй. Айлчлалын үеэр, Монголд байсан олзны япончуудад зориулсан дурсгалын цогцолборт эзэн хааны гэр бүлийг аваачих эсэх асуудлыг хоёр талын албаны хүмүүс хэлэлцэж байгааг "Yomiuri" сонин дурджээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.